Thursday, January 26, 2012

Best Suppliers of Oyu Tolgoi Upholding Health, Safety Principles will be Recognized

Ханбогд, Даланзадгад болон Өмнөговийн бусад суманд үйл ажиллагаа эрхэлдэг 3 ханган нийлүүлэгч орон нутгийн шилдгээр шалгарна

Монгол улс, Улаанбаатар (ot.mn) Оюу Толгой ХХК 2011 оны шилдэг ханган нийлүүлэгчийн шагнал гардуулах “Эрдэнийн Говь” арга хэмжээг энэ Пүрэв гарагт зохион байгуулж шилдэг 20 ханган нийлүүлэгчийг шалгаруулах бөгөөд эдгээрийн дундаас орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй Ханбогд сумын шилдэг ханган нийлүүлэгч, Даланзадгад сумын шилдэг ханган нийлүүлэгч болон Өмнөговь аймгийн бусад суманд үйл ажиллагаа явуулдаг шилдэг ханган нийлүүлэгч ангиллаар 3 аж ахуйн нэгжийг тодруулах юм.

Оюу Толгой ХХК-ийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн Дэд захирал Т.Баярсайхан, “Манай компанийн эн тэргүүний зорилт бол орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого, түүний хэрэгжилт билээ. Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Манлай, Баян-Овоо зэрэг уурхайн нөлөөллийн сумдад төслийн сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутгийн усан болон цахилгаан хангамжийг сайжруулах, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн эрхлэлтийн чадавхийг дээшлүүлэх, нутгийн соёлын өвийг хамгаалах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр дорвитой ажлуудыг үр бүтээлтэй, амжилттай хийж гүйцэтгэхэд орон нутгийн ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч компаниудын оролцоо, үүрэг хамгийн чухал юм” гэж онцоллоо.

Орон нутгийн бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Оюу Толгой ХХК 1,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг гаргаж ХААН болон Хас банкны орон нутгийн салбарт байршуулан зээл олгож эхэлсэн 2010 оноос хойш өдгөө 84 бизнес эрхлэгчид 850 гаруй сая төгрөгийн зээл авч шинээр бизнес эрхлэх, бизнесээ өргөтгөх боломжтой болоод байгаа билээ.

Мөн Өмнөговь аймгийн 9 сумын нийт 200 гаруй ханган нийлүүлэгчид Оюу Толгой төсөлд нийт 3,2 тэрбум төгрөгийн ажлын хувцас, оёмлол нэхмэл бүтээгдэхүүн, ус, хүнсний бүтээгдэхүүн, гар урлалын зүйлс, барилга угсралтын ажил гэх зэрэг бараа үйлчилгээг ханган нийлүүлсэн үзүүлэлтээр 2011 оныг үдсэн байна. Түүнчлэн аймгийн төвд байрлах орон нутгийн ханган нийлүүлэгчдийн чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий Бизнес хөгжлийн төвийг Оюу Толгойн хөрөнгө, санаачилгаар байгуулснаас хойш өдгөө 6 мянга гаруй бизнес эрхлэгчид, нутгийн иргэдэд хүрч үйлчлээд байна.

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review