Friday, October 2, 2009

Some problems of Mongolian mineral law


1. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын эрэл хайгуул хийх тусгай зөвшөөрлийг олгохдоо зөвхөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулийг үндэслэж, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.10-д “Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгоход түүх, археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, түүнээс зөвшөөрөл авна.” гэсэн заалт хэрэгжихгүй байгаагаас олон арван түүх соёлын дурсгал үрэгдсэн нь судалгаанаас харагдаж байна.
Хуулийн энэхүү зөрчлөөс шалтгаалан хүн чулуу, эрт дээр үеийн үнэ цэнэтэй шарил, археологийн олдворууд, өнө эртний түүхэн эд зүйлс устаж үгүй болсоор байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн тодорхой заалтыг зөрчиж олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй эсэх байдал эргэлзээ төрүүлж байна.
2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3-т зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нутаг дэвсгэрт нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгоход санал өгөх бүрэн эрхтэй байна. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход аймаг, нийслэл, сум дүүргийн засаг даргын саналыг, хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход сум, дүүргийн Засаг даргын саналыг авах талаар тусгаагүй байна.
Орон нутгаас ашигт малтмалын зөвшөөрөл олгоход ямар нэгэн оролцоо үндсэндээ байхгүй нь орон нутгийн иргэд уул уурхайн үйл ажиллагааг буруугаар ойлгох, хууль ёсны үйлдвэрлэлд саад учруулахад хүрч байгаа бөгөөд байгаль орчинд хортой нөлөө үзүүлэх, орон нутгийн иргэдийн аж амьдралд, тэр дундаа нүүдлийн мал аж ахуй, газар тариалангийн нутаг дэвсгэрийг үгүй болгож, нутгийн иргэд – уул уурхайн зохистой харилцаа, ойлголцол дутагдсаар байна.
Тусгай зөвшөөрөл олгоход орон нутгаас зөвшөөрөл авах тогтолцоог Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тусгасан хэдий ч Ашигт малтмалын тухай хуульд энэ талаар тусгаагүйгээс өдийг хүртэл хэрэгжихгүй байна. Энэ нь хууль зүйн хувьд одоо байгаа тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр эсэхэд эргэлзээ төрүүлж болохоор байна.
3. Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.2-т “нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох;” эрхтэй байхаар заасан хэдий ч зөрчлийг таслан зогсооход шаардлагтай бүрэн эрхийг тэдэнд олгоогүй бөгөөд механизмыг хуульчилж өгөөгүй байна.
4. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг “худалдах” талаар ямар нэгэн зүйл тусгагдаагүй бөгөөд харин “шилжүүлэх” гэсэн ойлголт байгаа. Энэ нь энэ төрлийн тусгай зөвшөөрөл “эд хөрөнгө” эсхүл “тусгай эрх”-ийн алинд хамаарах, газар эзэмших, ашиглах концессын нэг төрөл эсэх гэсэн онолын маргаанаас үүдэлтэй юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 49.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно.”гэж, 49.3-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно.” гэж тус тус заасан.
Гэсэн хэдий ч энэ заалт нь хэрэгжүүлэхэд төвөгтэй тодорхой бус заалт байгаа тул татварын байгууллага тусгай зөвшөөрлийн арилжаанаас /маш их хэмжээний мөнгөн дүнтэй/ улсын төсөвт ямар ч орлого олж чадахгүй байна. Тусгай зөвшөөрлийг худалдах үйл явц тусгай зөвшөөрлийг “шилжүүлэх”, эсхүл компаниа “шилжүүлэх” хэлбэрээр явагдаж байна.
4. Ашигт малтмалын тухай хуулийн 44.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зохих хууль тогтоомжийн дагуу уурхайд ажиллагсдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөл болон тухайн сум, дүүргийн иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар тодорхой үйл ажиллагаа явуулна.” гэсэн маш тодорхой бус заалт байсаар байна.
Эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын асуудал нь уул уурхай гэсэн хүнд үйлдвэрийн хувьд олон улсын төвшинд маш хурцаар яригдаж, өндөр шаардлага тавигддаг. Гэтэл Монгол Улсын хуульд зөвхөн нэг тодорхой бус заалт байгаа нь уурхайчид бэртэх, ам насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, тэрчлэн уурхай орчмын газрын оршин суугчид эрүүл мэндээрээ хохирох зэргээр сөрөг үзэгдлүүд улам бүр нэмэгдсээр байна.
5. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2.3-т заасны дагуу бол Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу зохицуулахаар заасан. Гэтэл практикт зарим тохиолдолд мэргэжлийн хяналтын улсын байцаагч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг жирийн захиргааны актын адил захиргааны шүүх түдгэлзүүлэхийг хориглосоор атал уг харилцаанд үйлчлэхгүй гэж заасан хуулийг үндэслэн улсын байцаагч тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нь хуулийн зарчим, зорилгод нийцэхгүй юм.
6. Ашигт малтмалын тухай хуулийн 29.3-т “Эхний 5 жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш америк доллартой тэнцэх бол 10, 100 саяас дээш америк доллартой тэнцэх бол 15, 300 саяас дээш америк доллартой тэнцэх бол 30 жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1-д заасан гэрээ байгуулна.” гэсэн нь заавал 10, 15, 30 жилийн хугацаагаар байгуулахаар болж байгаа юм. Гэтэл тухайн нөхцөл байдлаас шалтгаалан энэ хугацааг багасгах шаардлага гарч болзошгүй. Иймд 10, 15, 30 жил “хүртэл” гэж өөрчлөх.
7. Хуулийн 58.2-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг тухайн сум, дүүргийн, 20 хувийг тухайн аймаг, нийслэлийн, 70 хувийг улсын төсөвт тус тус хуваарилах бөгөөд орон нутагт хуваарилах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн төсвийн дүнгээс хэтрэхээргүй байна.” гэж заасан нь ач холбогдол багатай заалт болсон байна. Орон нутагт оршин суугаа иргэдэд уурхайн хортой нөхцөлд амьдарч байгаа болон өөрийн нутаг дэвсгэр дэх ашигт малтмалаас хишиг хүртэх эрхийн дагуу энэ заалт орсон хэдий ч “төсөв дээр нь нэмж өгөхгүй”-ээр заасан байгаа юм.
Гэтэл энэ төрлийн заалт нь олон улсад түгээмэл бөгөөд түүний зорилго нь нутгийн иргэдийн эрүүл мэнд, боловсролыг сайжруулах, тухайн нутаг дэвсгэрт бизнесийн бусад салбарыг хөгжүүлэх, дэд бүтцийг бий болгох, уурхайн ач холбогдлыг нутгийн иргэдэд ойлгуулах, тухайн бүс нутгийг хөгжүүлэх зэрэгт зарцуулагддаг онцлогтой. Энэ нөхцлийг бий болгохгүй бол тухайн бүсийн иргэд уурхайг ойлгохгүй байх, түүнийг эсэргүүцэх, хууль ёсны үйлдвэрийн үйл ажиллагаанд саад тотгор учруулах зэрэг хүндрэлтэй байдлууд бий болдог талтай.
8. Ашигт малтмалын тухай хуулийн 58.3-т “Улсын төсөвт хуваарилсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хүртэлх хувийг геологи, уул уурхайн салбарын санхүүжилтэд хуваарилна.” гэж заасан энэхүү заалт нь огт хэрэгждэггүй бөгөөд хэрэгжих боломжгүй заалт юм. Учир нь геологи, ашигт малтмалын энэ салбар нь эрсдэл ихтэй, хөрөнгө их зарцуулдаг салбар бөгөөд төр энэ бизнест арай өөр байдлаар оролцох нь зүйтэй. Тэгээд ч манай Засгийн газар уул уурхайгаас орж ирж байгаа мөнгийг өдөр тутмын хэрэгцээ болон эх орны хишиг, эрдэнийн хувь зэргээр тараахыг зорьж байгаа. Улсын төсвийн дийлэнхи хувийг ашигт малтмалын салбараас бүрдүүлж буй өнөөгийн нөхцөлд энэ заалт хэрэгжих боломж ч байхгүй.


Өндөр овогт Сэрээновын Мандахбат
Улаанбаатар хот, Монгол Улс

1 comments:

Undraka said...

South Africa-n Mineral law-н зураг тавьдаг нь яажийган

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review